НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

2015-01-27

МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

Ангилал: Мэдээлэл
Менежмент гэж юу вэ? Менежментийг судлахын учир шалтгаан, Менежерүүд, тэдний гүйцэтгэх үүргүүд, удирдлагын үе шатууд

 

-          Энэ сэдвээр менежмент гэж юу болох, байгууллагад менежерүүд юу хийдэг, байгууллагын амжилтанд ямар үүрэгтэйгээр оролцдог болон тэдний үндсэн үүрэг, удирдлагын түвшингийн ялгааг тодорхойлно.

 

Ш   Дэд сэдвүүд:

1. Менежерийн ажлын мөн чанар

2. Удирдагчийн үүргүүд

3. Удирдлагын функциуд

4. Удирдлагын үе шатууд

 

Ш  Үндсэн ойлголтууд:

-        Төлөвлөлт

-        Зохион байгуулалт

-        Манлайлал

-        Хяналт

-        Дээд, дунд, доод шатны удирдагчид

 

Ганц нэгээрээ хэрэгжүүлэх боломжгүй зорилгодоо хүрэхийн тулд хүмүүс хамтран ажиллаж эхэлсэн тэр үеэс менежмент үүссэн түүхтэй.

 

Менежмент, менежер гэсэн ойлголт нь удирдах, жолоодох, манлайлах гэсэн утга бүхий англи  үгнээс гаралтай, менежментийг үйл ажиллагаа болох талаас нь хялбаршуулан авч үзвэл энэ нь хүмүүсээр ашигтай үйл бүтээлгэх, ажил хэрэг өрнүүлэх урлаг юм.

 

Менежментийн уг утга нь байгууллагын зорилгыг тодорхойлж, түүнд хүрэх арга замыг төлөвлөн, ажиллах хүч, санхүү, материалын бүх нөөцийн ашиглалтыг оновчтой зохион байгуулж, хүмүүсээ шилж сонгон, манлайлан ажиллаж үйлдвэрлэлийн явц, эцсийн үр дүнд хяналт шалгалт хийх нэгдмэл ажиллагаа байхад оршино. Өөрөөр хэлбэл менежмент гэдэг нь байгууллагын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийг байнгын өндөр үр өгөөжтэй ажиллах эрмэлзэл төрүүлэхүйц ахуй орчныг бүрэлдүүлэн бий болгож, түүнийг цаг хугацаа, орон зайн хөгжлийн хувьд тогтвортой хадгалах үйл явц юм.

 

Менежмент гэдгийг ойлгохын тулд дараах ойлголтуудтай санал нийлдэг байх хэрэгтэй.

1.     Менежмент нь урлаг ба шинжлэх ухаан: Нэг талаас менежер нь шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны хандлагуудыг ашигладаг. Төлөвлөх, манлайлах, мэдээлэх, боловсон хүчнийг хуваарилах  явцад менежерт урлагийн чиг хандлагыг ашиглах хэрэгтэй болдог

2.     Менежмент бол мэргэжил: Мэргэжил гэж үзэхэд дараах шалгууруудыг тавьдаг. Үүнд:

a.   Тухайн мэргэжилтэй хамааралтай системчлэгдсэн мэдлэг бүрэлдсэн эсэх

b.   Мэргэжилтэй болон тухайн мэргэжлээр мэргэшсэн хүний хяналтанд албан ёсны урт хугацаанд сургалтанд хамрагдах

c.   Мэргэжлийг эзэмшсэний дагуу шалгалт шүүлэг өгсөн байх

d.   Ёс суртахууны нормуудыг зөрчсөн хүн бүрт үзүүлэх шахалт шаардлага бий эсэх.

3.     Менежмент гэдэг үг бизнесмен, ажил хэрэгч хүн гэдгээс ялгаатай утга санааг илтгэдэг.

4.     Менежмент гэдэг үгийг олон янзаар хэрэглэдэг.

 

Менежмент нь:

1.     Зорилгодоо хүрэх

2.     Зөрчилдөөнтэй хүсэл сонирхлуудын дунд тэмцлийг барьж байх

3.     Үр ашиг, үр дүнд хүрэхийн тулд хэрэгтэй зүйлсийг сонгон хийх

 

Удирдлагын ажлын мөн чанар 

            Удирдагч хүний хийдэг ажил нь удирдагч бус хүнийхээс огт ялгаатай юм. Тэдний хийдэг ажил нь нэг талаас бодоход магадгүй танд амархан санагдаж болох юм. Тухайлбал удирдагч гэхээр өдөр тутмын үйлдвэрлэл үйл ажиллагаатай хутгалддаггүй, гадуур дотуур гарч гүйсэн, ихэнхдээ машин унасан, чамин хээнцэр хүмүүс харагдаж байгаа байх. Үнэн хэрэгтээ бол тэдний ажил хар ажил гэж яригддаг хөлс урсгасан биеийн хүчний ажлаас хамаагүй хүнд хэцүү ажил болох нь судалгаагаар тогтоогдсон төдийгүй, амьдралаас харагдаж байна.

      Тэдний хийдэг ажлыг яг тэр, тийм ажил гэж хэлэхийн аргагүй юм. Учир нь тэд зөвхөн нэг зүйл дээр төвлөрч оюун ухаанаа дайчилж, зориулж ажилладаг бус байгууллаыг үйл ажиллагааг хэвийн, үр өгөөжтэй явуулахын тулд холбогдолтой бүхий л зүйл рүү анхаарлаа дайчлан ажилладагт оршиж байгаа юм. Эндээс үзэхэд удирдагч хүн бол ийш тийшээ, хааш тийш салбаганасан ажилтай хүн болж таарч байна. Тухайлбал Гест хэмээх эрдэмтний хийсэн судалгаагаар цехийн мастерууд өдөрт дунжаар удирдлагын 583 төрлийн операци хийж гүйцэтгэдэг гэж гарсан байна. Энэ ажил л хүнийг ядрааж байгаа юм. Тухайлбал: нягтлан хүн бол өдрийн гүйлгээ дансаа бүртгэж сарын тайлангаа гаргасан, засварчин хүн бол техникээ зассан л бол бодох санах зүйлгүй тайван амарч болно. Харин удирдагч буюу менежер хүн тийм биш тэдний толгойд байнгын, өдөр шөнөгүй, цаг ямагт, гэрт ч гадаа ч тэр бизнесээ яаж дээшлүүлэх вэ, яаж шинийг санаачлах вэ гэх мэтчилэн байнгын оюун ухааны шаналгаатай байдаг юм. Ийм учир тэдний ажил үнэхээр хүнд бөгөөд хариуцлагатай ажил юм.

 

Удирдагчийн үүргүүд

Удирдагч хүмүүс дараах үүргүүдийг гүйцэтгэж байдаг буюу нэг ёсондоо дараах дүрүүдэд хувирч байдаг юм. Үүнд:

                                         1.     Хувь хүн хоорондын үүргүүд (ерөнхий удирдагч, манлайлагч, холбогч)

2.     Мэдээллийн үүргүүд (мэдээллийг хүлээн авагч, тараагч, төлөөлөгч)

3.     Шийдвэр гаргах үүргүүд (зөрчлүүдийг арилгагч, нөөцийг хуваарилагч, гэрээ хийгч, шинийг санаачлагч)

           

            Хувь хүн хоорондын үүргүүд:

            Менежер хүн хувь хүнийхээ хувьд албан ёсны хүрээнд хэд хэдэн дүрүүдэд тоглож байдаг ба энэ нь түүний байгууллага дахь статус, бүрэн эрх, эрх мэдлийн байр суурьтай холбоотой юм.

            Ерөнхий удирдагч - байгууллага, хамт олны хувьд менежер хүн хувь хүнийхээ хувьд болон байгууллагын бэлэг тэмдэг, нэр хүнд, дүр төрхийг илтгэсэн субъект байх бөгөөд энэ утгаараа ерөнхийлөн удирдсан буюу хамгийн том, нэр төртэй хүн байхыг шаарддаг. Тухайлбал түүнээс бэлэгдлийн, ёслолын үйл ажиллагаанд оролцох болон шагнал, сайшаал гардуулах, үйл ажиллагааг нээж үг хэлэх гэх мэт дүрд тоглохыг шаарддаг.

            Манлайлагч - манлайллын үүрэг нь боловсон хүчин ба хүний нөөцийн үйл ажиллагааг удирдаж зохицуулахад оршино. Өөрөөр хэлбэл ажилчдадаа нөлөөлж байх, үлгэр дууриал үзүүлэх гэх мэт болно.

            Холбогч - удирдагч этгээд байгууллага дотор болон байгууллагаас гадна гэсэн 2 төрлийн холбогчийн үүргийг гүйцэтгэж байдаг. Дотоод холболт нь удирдагчаар дамжсан ажилчид болон байгууллагын нэгж хэсэг хоорондын харилцаа холбоо, гадаад холболт нь гадаад орчин буюу нийгэмтэй харилцаанд орсон холболт болно.

 

            Мэдээллийн үүргүүд:

            Менежер хүнд дээр өгүүлсэн хувь хүн хоорондын үүргээсээ уялдаад дараа нь мэдээллийн үүргүүд оногддог.

            Мэдээллийг хүлээн авах – тоо тоймшгүй, хэрэгтэй хэрэггүй гадаад орчны өргөн мэдээллээс менежер хүн зөвхөн өөрийн байгууллагад хэрэгтэйг шүүн тунгаан авч цуглуулах /гадаад орчноо судлах/ болон дотоод орчны элдэв зөрчил, гомдол, сайшаал магтаал, цуу яриаг мөн хүлээж авч байдаг. Энэ нь цаашид асуудлыг шийдвэрлэхэд хэрэг болдог чухал үүрэгтэй.

            Тараагч - Хүлээж авсан мэдээллээ танилцуулж илтгэж тараах үүрэг бас хүлээнэ. Өөрөөр хэлбэл гадаад орчны мэдээллийг дотоод орчинд танилцуулах, дотоод орчны мэдээллийг шаардлагатай үед гадаад орчинд танилцуулах хэрэгтэй болдог.

            Төлөөлөгч - төлөөлнө гэдэг нь байгууллага хамт олноо гадаад орчинд төлөөлж танилцуулах болон гадаад орчны мэдээллийг мөн удирдагчийн хувьд төлөөлөн дотоод орчинд тараах болно. Ингэхэдээ мөн мэдээллийн үнэн зөвийг удирдагч хүн өөрөө хариуцах ёстой.

 

            Шийдвэр гаргалтын үүргүүд:

            Шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбоотой үүргүүд нь менежерт нэлээд хариуцлагатай үүргүүд бөгөөд энэ үүргүүд нь байгууллагын хөгжил болон ирээдүйд чухал ач холбогдолтой байдаг.

            Шинийг санаачлагч - удирдагч хүн байнга шинийг эрэлхийлж санаачилж байх хэрэгтэй. Хэзээд анхдагч байж чадвал өнөөдөр та хожиж чадна.

            Нөөцийг хуваарилагч - удирдагч хүн ашигтай салбар нэгж рүү нөөцийнхөө дийлэнх хувийг хуваарилах болон ашиггүй салбарыг хаах, манлайллын асуудал, хөрөнгө зарах гэх мэт нөөц хуваарилалтын асуудлыг хариуцаж байдаг.

            Гэрээ хэлэлцээр хийгч - байгууллагынхаа амьдрах чадварыг хангаж гадаад орчинтой нягт холбогдон ажил хэргийн түншийн харилцаа тогтоож гэрээ байгуулж, харилцан тохиролцож байж үйлдвэрлэл үйл ажиллагаа явагддаг нь практикаас харагдаж байна.

            Зөрчлүүдийг арилгагч - байгууллага дотор бий болсон гажуудал, зөрчлийг бууруулж арилгах асуудлыг мөн хариуцдаг. Зөрчил нь ихэвчлэн хүний нөөцтэй холбоотойгоор үүсдэг ба энэ нь багагүй зардал чирэгдэл, хүчин чармайлтыг шаардаж байж намждаг юм.

 

Удирдлагын функцүүд

            Бид удирдана, удирдах гэж ярих дуртай. Гэтэл чухамдаа удирдана гэж юу болох ямар дэд үйлдлүүдийг багтаадаг талаар авч үзье.

            Удирдана гэдгийн цаана удирдагч хүний дараах үндсэн 4 чиг үүрэг явж байдаг.

            Үүнд:

-          Төлөвлөх

-          Зохион байгуулах

-          Манлайлах

-          Хянаж шалгах зэрэг болно.

 

Төлөвлөх – төлөвлөнө гэдэг нь удирдах үйл ажиллагааны эхлэл бөгөөд хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахын тулд хийх ёстой ажлуудыг тодорхойлох үйл ажиллагаа юм. Удирдлагын үүднээс авч үзвэл үүнийг зорилго тодорхойлох гэнэ.

Зорилго нь:

-          хэтийн

-          дунд хугацааны

-          өнөөгийн буюу богино хугацааны хийх ажлууд гэсэн үг юм.

Энэ нь хамгийн чухал хүнд хэцүү удирдлагын үйлдэл бөгөөд зорилгоо буюу хийх ёстой ажлаа зөв тодорхойлж чадвал цаашдын үйлдлүүд хялбар болно. Зорилго тодорхойлох буюу төлөвлөх үйл ажиллагааг хийхэд маш их хэмжээний, үнэн зөв мэдээлэл шаардлагатай бөгөөд энэ мэдээлэл дээрээ үндэслэн хөгжүүлж, дэвшүүлэхийн тулд хамгийн түрүүн юу хийх шаардлагатай байгааг тодорхойлох болно.

 

      Зохион байгуулах – хийх ажил зорилгоо тодорхойлсны дараа энэ ажлыг хийхийн тулд ямар хэмжээний хөрөнгө нөөц шаардлагатай байгаа болон энэ хөрөнгө нөөцийг хэрхэн үр ашигтайгаар зохион байгуулах гэдэг асуудал үүнд хамаарна. Өөрөөр хэлбэл нөөцийн хуваарилалт, ажлын дэд хэсгүүдийг дараалал болон хийж хариуцах субъектуудын хамт тодорхойлох  явдал юм. 

      Нөөц гэдэгт эдийн засгийн үндсэн 4 нөөцийг авч үзэж болно. Үүнд:

-          Газар

-          Капитал

-          Хүн буюу ур чадвар

-          Оюун ухаан буюу менежмент зэрэг болно.

 

Манлайлах – энэ асуудал нь хүний нөөцийн түвшний хүрээнд яригдах болно. Хамгийн их удирдлагын ур чадвар шаардагддаг, хөдөлгөөнтэй, тогтворгүй бөгөөд хамгийн их үр өгөөжөө өгдөг нөөц бол хүний нөөц бөгөөд үүнийг удирдах асуудлыг манлайлах үйл явц хэмээн ойлгож болно. Үүнд дараах асуудлуудыг хамруулж үзэж болно.

-          урамшуулах ба шийтгэх

-          бусдад нөлөөлөх, тэднийг сэдэлжүүлэх

-          үлгэр дууриал үзүүлэх

-          ажлын болон хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байлгах асуудал хамаарна.

 

Хянах - Үйл ажиллагаа дууссаны дараа хэрхэн үр дүн болон үр өгөөжтэй ажилласан эсэх болон зорилго биелэгдсэн эсэхийг хянах хэрэгтэй болдог. Зорилго биелэгдээгүй бол яагаад биелэгдээгүйг мөн тодруулах, илрүүлэх шаардлагатай.

 

Удирдлагын  үе шатууд

Дээд шатны удирдагчид: 

Дээд шатны удирдагч нарын нийтлэг албан тушаалуудад бизнест - зөвлөлийн дарга,ерөнхий захирал, ерөнхийлөгч, корпорацийн дэд ерөнхийлөгч орно.  Харин Армид тэднийг генералтай, төр засгийн хүрээнд сайдуудтай, харин их сургуульд захиралтай харьцуулж болох юм. Тэд дунд шатны менежерүүдийн гаргасан шийдвэрийг хянан баталж, санаа бодлоо тусгах, мөн чухал онц ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргаж байдаг. Эдгээр хүмүүс нь тооны хувьд ямар ч байгууллагад цөөхөн байх бөгөөд байгууллагын нэр, нүүр болсон бэлэг тэмдэг бүхий шинж чанартай хүмүүс байна. Мөн эдгээр хүмүүс ихэнхдээ нийгмийн түвшинд гадуур ажилтай байх ба үндсэн үүрэг нь гэрээ хэлэлцээр түншийн холбоо байгуулж байгууллагын ирээдүйн болон стратеги чиг хандлагын талаар толгойгоо гашилгаж явдаг хүмүүс юм.

 

Дунд шатны удирдагчид:

Дунд шатны удирдагч нарын нийтлэг албан тушаал гэвэл: Хэлтсийн эрхлэгч, декан (их дээд сургуулиудад), салбарын захирал (бизнест). Зарим байгууллагууд дунд шатны менежерүүдэд их хариуцлага хүлээлгэснээр тэдний ажил, дээд шатны менежерүүдийн ажилтай тодорхой түвшинд ойролцоо болсон байдаг байна. Өнөөдөр манай бизнесийн байгууллагад энэ түвшний удирдагчид тооны хувьд олширч байна. Ялангуяа томоохон хувийн хэвшлийн байгууллагад өнөөдөр бүүр ч олон байна. Эдгээр хүмүүс байгууллагын удирдлагын ажлын ачааллыг дийлэнхийг үүрч явдаг бөгөөд энэ ч утгаараа жинхэнэ удирдлагын түвшний хүмүүс гэж нэрлэгддэг. Шийдвэрийг бие дааж гаргах бүрэн чадвартай байх бөгөөд гаргасан шийдвэрээ дээд удирдлагадаа танилцуулж хэрэгжүүлэх зөвшөөрлийг авсны дараа тэр шийдвэрийн хэрэгжилтийг мөн хянана. Тэдний шийдвэрт шаардлагатай мэдээллийг цуглуулж бий болгож өгдөг хүмүүс нь доод шатны менежерүүд бөгөөд мөн эргээд гаргасан шийдвэрийг доод шатны менежерүүд хэрэгжүүлж байдаг.

  
                Доод шатны удирдагчид:

Доод шатны менежер гэдэгт байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай гардан хутгалдаж явдаг удирдагчид хамаарна. Энэ шатны албан тушаалууд гэвэл ихэнхдээ мастер, ээлжийн мастер, тасгийн эрхлэгч нь доод шатны менежерүүд байдаг. Удирдагч нарын ихэнх хэсэг нь доод шатны менежерүүд юм. Эдгээр хүмүүс үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай хутгалдаж техник технологийн хувьд гарсан гэмтэл доголдлыг цаг алдалгүй засаж залруулан шийдвэрлэж, нэг ёсондоо үйлдэрлэл үйл ажиллагааны хэвийн явагдаж буй байдлыг хариуцаж байдаг хүмүүс юм. Энэ ч утгаараа мөн нарийн мэргэжлийн мэргэшсэн хүмүүс байх бөгөөд зарим тохиолдолд экспертийн эрх мэдэл өндөртэй хүмүүс байдаг. Мөн эдгээр хүмүүс нь шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг дунд шатны удирдагчдад дамжуулан өгч байх ёстой.

 Ийнхүү  менежерүүдийг хийж гүйцэтгэдэг ажлаар нь удирлагын түвшин болгож тодорхойлвол дараах байдалтай болж байна.

 Дээд шатны менежер – Нийгмийн түвшин

Дунд шатны менежер – Удирдлагын түвшин

Доод шатны менежер – Техникийн түвшин

 

      Дээд шатны удирдагч нарыг байгууллагын нэр нүүр болон гадаад орчин буюу нийгэмд таниулан гэрээ хэлэлцээр, түншийн холбоо, уулзалт, албан айлчиллын ажлыг шийдвэрлэж явдгаар нь нийгмийн түвшинд харъяалагддаг хүмүүс гэж нэрлэж байна.

      Дунд шатны менежерүүдийг жинхэнэ удирдлагын үүднээс шийдвэр гарган бизнесийн үйлдвэрлэл үйл ажиллагааг удирдаж байгаагаар нь удирдлагын түвшний хүмүүс, харин доод шатны менежерүүдийг өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах зорилгоор техник технологитой харьцан ажилладгаар нь нарийн мэргэжлийн буюу техникийн түвшинд харъяалуулан тодорхойлж байна.

 эх сурвалж: СЭЗДС. Багш н.Ууганболдын орчуулга

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн

Миний тухай

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

Сүүлийн бичлэгүүд

. МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
. МАНЛАЙЛЛЫН ОНОЛ
. ХЯНАЛТЫН СИСТЕМ
. Хэлэлцүүлэг
. Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбооноос зохион байгуулах ажлын чиглэл
. САЙН ТУРШЛАГА
. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ
. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ ХАНДЛАГА
. БИЧЭЭД УНШ
. ЦАГ БАГАДАХГҮЙ
. ШАЛТГААНЫГ НЬ ОЛ
. БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ
. ХАЛДВАРТ ШАР!!!
. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
. ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. EDUCATION
. Бага насны хүүхдийн хөгжил
. НБГазар
. БШУЯам

Найзууд




:-)
 
xaax