НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

2013-10-23

ХЭЛ ЯРИАНЫ ГЭМ СОГОГ

Ангилал: Мэдээлэл

Хэл яриа бол хүний танин мэдэх үйл ажиллагааны үндсэн цөм юм. Хүүхэд төрсөн үеэсээ эхлэн гадаад орчноо хэл ярианы тусламжтайгаар таньж, түүнийг тусгаж, өөрийнхөө санаа бодлыг үгээр илэрхийлдэг. Хэл яриа, сэтгэхүй хоёр хоорондоо салшгүй холбоотой. Хэл ярианы чадвар нь хүүхдийн сэтгэхүйн ерөнхий хөгжилд нөлөөлж, танин мэдэх чадварыг хөгжүүлдэг.

Хэл ярианы хэлбэр

Аман ба бичгийн хэлний чадвар хэсэгчлэн ба бүрмөсөн алдагдсаныг хэл ярианы бэрхшээл гэнэ.  Хэл ярианы согог нь өөрөө аяндаа засарч арилахгүй тогтонг шинжтэй байдаг. Хэл ярианы согогийн улмаас хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааны хөгжил саатаж, харьцаа хязгаарлагдаж, улмаар тэдний ерөнхий хөгжилд хоцрогдол үүсдэг. Хэл ярианы согогийг аль болох бага насанд нь илрүүлж, засан сайжруулах ажлыг зайлшгүй хийх шаардлагатай.

Хэл ярианы бэрхшээл үүсэх шалтгаан

·         Эхийн хэвлий дэх үр хөврөлийн гэмтэл  /жирэмсний хордлого, вирусны өвчин, /

·         Төрөх үеийн гэмтэл, бүтэлт, цус алдалт

·         0-3 настайд өвчилсөн өвчнүүд / уураг тархины гэмтэл, халдварт вирусын өвчнүүд, менингит ,менинго- энцефалит

·         Тархины гэмтэл, доргилт

·         Удамшлын хүчин зүйлүүд

·         Нийгэм ахуйн таагүй нөхцлүүд /ахуйн хоцрогдол, хэл яриа хөгжих орчны хязгаарлалт/

·         Оюун ухаан,сэтгэхүйн хөгжил сул

·         Хэл ярианы өгүүлэх эрхтний гэм согог

·         Сонсголын бэрхшээл

Хэл ярианы бэрхшээлийн ангилал

·         Дуу хоолойны өөрчлөлт

·         Дуугүй болох

·         Хэл ярианы хурдны эмгэг  удаашралт

·         Хэл ярианы хурдны эмгэг түргэсэлт

·         Авиан дуудлагын согог

·         Хэл ярианы дутуу хөгжил

·         Хэл ярианы чадварын хэсэгчилсэн ба бүрмөсөн алдагдал

·         Ээрүү

·         Дультраа

·         Гуншаа

·         Уншихын  гэм согог

·         Бичгийн гэм согог

Хэл ярианы гэм согогийн сөрөг нөлөө

Хэл ярианы согогийг засахгүй бол цаашдаа хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлнө:

·   Хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааны хөгжил саатаж, харьцаа хязгаарлагдаж, улмаар тэдний ерөнхий хөгжилд хоцрогдол үүсч болно.

·       Хүүхэд хэл ярианаасаа ичиж зовон, өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар нь суларна.

·       Сурлагаар хоцорно.

·       Ганцаардан, идэвх санаачлага муудна.

·       Оюун ухаан, сэтгэл санаа, сэтгэл хөдлөл, мэдрэмж, зан төрх, харилцаа өөрчлөгдөнө. 

Хүүхдийн хэл ярианы хөгжлийн үе шат

Хүүхдийн хэл яриа нь хүрээлэн буй хүмүүсийн хэл ярианаас ихээхэн хамааран хөгждөг. Хүүхдийн хэл ярианы хөгжлийг 4 үе шат болгон авч үздэг.

I үе 0-12 сар

Төрөхөөсөө хүүхэд уйлах хашгирах реакцитай байдаг. Энэ нь хүүхдийн амьсгал, дуу хоолой, өгүүлэх эрхтний янз бүрийн нарийн нийлмэл хөдөлгөөнийг хөгжүүлж өгдөг. Төрснөөс хойш 14 хоногийн дараа хүүхэд ярьж буй хүний дуу хоолойг мэдэрч уйлахаа зогсож сонсдог. 1 сартайгаасаа бүүвэйн дуунд тайтгарч ярьж буй хүн рүү толгойгоо эргүүлж нүд дагуулан харна. Хүний ярианы аялгыг мэдэрч энхрий зөөлөн дуунд сэргэж, ширүүхэн дуунд уйлна. 2,3 сартайдаа ганганаж гунганаж эхлэх бөгөөд 5 сартайдаа авиаг сонсож өөрт нь хандан ярьж буй хүмүүсийн ярихыг анхааран харж дуурайхыг эрмэлзэнэ. 6 сартайдаа дуурайх замаар зарим үеийг өгүүлж сурна. 6 сараас ой хүртэлх хугацаанд зарим үеийг бодит зүйлд оногдуулж хэлж сурна. Жишээ нь: Юм уумаар байгаагаа илэрхийлэхдээ уу уу гэх, сонирхсон зүйлээ авахдаа май май гэх жишээтэй. 7-9 сартайдаа хүний үгийг давтан янз бүрийн авиаг холбон хэлж эхэлнэ. 10-11 сартайгаа үгийн утга санааг мэдэрч эхэлнэ. 1 ойтойдоо анхны үгийг хэлж сурна.

II үе.1-3 нас.
    Хэл яриа идэвхтэй хөгжих үе.

Хүний өгүүлж байгааг ажиглана. Хүнийг даган ярьж өөрөө үг хэлж, зарим үед авиа сольж, буруу хазгай хэлж, зарим авиаг орхиж хэлнэ. Анхны үг нь утга санааг илэрхийлнэ. Жишээ нь: Аавыгаа ирэхэд, эсвэл аавыгаа санахдаа өөрийн санаа бодлоо аав гэдэг үгээр л илэрхийлэх жишээтэй.

Үгийн баялаг нь нэмэгдэнэ: 1 нас 6сар-10-15 үг 2нас -300үг,/6сарын дотор 300үг нэмэгдэж байна гэсэн үг/, 3нас-1000 үг жилд 700 үг нэмэгдэж байна гэсэн үг/8 наснаас эхлэн дүрмийн алдаагүй ярьж эхэлнэ. 2 настайгаас хүүхэд  ганц ба олон тоо, цаг хугацаа,үйлийн эзэн, зарим тийн ялгалын нөхцлийг хэрэглэж сурна.

III үе. 3-7 насны үе

Энэ үед авиан дуудлагын гэм согог элбэг байдаг. Сийгсэн шуугисан авиа /с, ш, з, ж,ц, ч,/ р, л авиан согог элбэг тохиолддог.

·         7 насанд хүүхэд өөрийн өгүүлж буй авиан дуудлаганд сонсголын хяналт тавьж сурна.

·         Үгийн баялаг нэмэгдэнэ, хэл ярианы дүрмийн тал хөгжинө.

·         4 настайдаа энгийн ба нийлмэл өгүүлбэрээр ярьж сурна.

·         5 настайдаа энгийн болон хавсарсан нийлмэл өгүүлбэрийг чөлөөтэй ашиглаж сурна.

·         Богино хэмжээний өгүүллэгийн утгыг ойлгоно.

·         40-50 үгтэй үлгэр, өгүүллэгийг ярьж, гийгүүлэгч эгшиг авиа, хатуу, зөөлөн гийгүүлэгч, сийгсэн, шуугисан авиаг ялган хүртэж сурна.

·         Авиаг зөв цэвэр дуудаж сурна. Энэ үед бичгийн хэл хөгжиж эхэлнэ.

IV үе. 7-17 насны үе

Хэл ярианы хөгжлийн энэ  шатны онцлог нь аливаа юмыг ухамсартайгаар эзэмших үе юм. Хүүхэд авиан задлан ялгал хийж, хэл ярианы дүрмийг эзэмшин хэрэглэнэ. Харилцааны чухал хэрэглүүр болох хэл яриа нь хэвийн хөгжиж байх ёстой хугацаанаасаа хоцорч хөгжиж байвал үүнийг хэл ярианы хөгжлийн хоцрогдол гэнэ. Хэл ярианы согогт аман ярианы болон бичгийн хэлний согог багтдаг.

Хэл ярианы бэрхшээлээс урьдчилан сэргийлэх

·         Эхийн хэвлийд хүүхэд бүрэлдсэн үеэс эхлээд хүүхэд төрөх хүртэл эхэд тааламжтай нөхцлийг бүрдүүлэх

·         Сэтгэл санааг нь тайван байлгах

·         Жирэмсний эхний болон хожуу  хордлогоос урьдчилан сэргийлэх

·         Ямар нэгэн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх

·         Антибиотикийн төрлийн эмийг эмчийн заавраар хэрэглэх

Эцэг эхийн анхаарах зүйлс

·         Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн өсөлт хөгжилтөд анхаарал халамж тавьж байх

·         Хүүхдийг элдэв халдварт өвчин, гэмтэл бэртлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх

·         Хүүхдийн өсөлт хөгжилтөд гарч буй өөрчлөлтийг ажиглах

·         Хэл ярианы бэрхшээл ажиглагдвал  мэргэжлийн эмч, багш нарт хандах

·         Хэл ярианы хөгжлийн үед зөв ойлгомжтой, цэвэр тод харьцаж, үлгэр дууриал үзүүлэхүйц байх

·         Хүүхдэд хэл ярианы гэм согог илэрвэл аль болох эрт засан сайжруулах, нөхөн сэргээх хичээлд хамруулах

·         Хүүхдийн хараа, сонсгол, хөдөлгөөнийг хянаж өөрчлөлт илэрвэл  мэргэжлийн эмч, согог зүйч багш нарт хандах

·         Хүүхдийн таних мэдэхүйн үйл ажиллагааг хөгжүүлэх

·        Солгой хүүхдийг хүчээр баруун болгож болохгүй. Үүний уршгаар хүүхдэд хэл ярианы гэм согог үүсч ялангуяа ээрүү болох тохиолдол байдаг.

·         Хүүхдийг айлгаж цочоох, стресст оруулахгүй байх

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн  ажиллах тухай

·    Хүүхдийн нас биеийн онцлогийг харгалзан хүүхдийн хэл яриаг зөв хөгжүүлэх

·    Хүүхэдтэй харьцахдаа заавал хариултыг авах

·   Хүүхдэд тань хэл ярианы гэм согог илэрвэл хүүхэдтэй дохио зангаагаар ярьж болохгүй, эмч болон мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах

·   Гэр бүл дотроо 2 хэлээр ярилцах нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг удаашруулахад хүргэдэг тул тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай

·   Хүүхэдтэй хэт өндөр биш хэт нам биш дуугаар, дунд зэргийн хурдтай яриагаар харилцаж байх хэрэгтэй.

·   Хүүхдийн насанд тохироогүй, ойлгомжгүй үг хэллэгтэй дуу, шүлэг цээжлүүлэхгүй байх

·   Хэлд орох үеэс төрөлх хэлний бүх авиаг зөв цэвэр тод дуудуулж, хэлж хэвшүүлэх

·  Хүүхдийн сонирхолд нийцсэн зурагт үзүүлэн, ном үзүүлж, үлгэр, оньсого, өгүүллэгийг уншиж өгч яриулах зөв хэлүүлэх  зэргээр үгийн нөөцийг нэмэгдүүлэх

·    Хүүхдийг энхрийлэн эрхлүүлэхдээ хэлээ хазаж ярихгүй байх

·    Хүүхэдтэй тайван тогтуун ярьж, ярианы төгсгөлийг тод хэлж байх

·    Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхдээ тоглоомын ба урамшууллын  аргыг өргөн  хэрэглэх

·    Хүүхдийг хамт олны дунд оруулж байх нь чухал, ингэснээр  үе тэнгийнхэнтэйгээ харьцаж сурна.

эх сурвалж: БЗД. 22-р цэцэрлэгийн эмч 

 

 

 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 18 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн

Миний тухай

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБОО

Сүүлийн бичлэгүүд

. МЕНЕЖМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?
. МАНЛАЙЛЛЫН ОНОЛ
. ХЯНАЛТЫН СИСТЕМ
. Хэлэлцүүлэг
. Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбооноос зохион байгуулах ажлын чиглэл
. САЙН ТУРШЛАГА
. НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ
. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ОНОЛ ХАНДЛАГА
. БИЧЭЭД УНШ
. ЦАГ БАГАДАХГҮЙ
. ШАЛТГААНЫГ НЬ ОЛ
. БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ
. ХАЛДВАРТ ШАР!!!
. СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
. ГАХАЙ ХАВДАР ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. EDUCATION
. Бага насны хүүхдийн хөгжил
. НБГазар
. БШУЯам

Найзууд




:-)
 
xaax